
АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн сувилахуйн тэнхимийн ахмад багш, клиникийн профессор, дэд профессор Х.Амаржаргалын нэрэмжит “СУВИЛАХ ЭРДЭМ” сувилахуйн ур чадварын тэмцээн 2025 оны 05 сарын 07-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Тэмцээний үйл ажиллагааг дэд профессор, клиникийн профессор Х.Амаржаргал багш нээж оюутнуудад сувилахуйн мэргэжлийн үнэ цэний талаар лекц уншиж, тэмцээний үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Уламжлал болгон зохион байгуулагддаг тус тэмцээнд сувилахуйн бакалавр, дэд бакалаврын хөтөлбөрөөр, эх барихуйн хөтөлбөрөөр, эм найруулагч, лабораторийн техникчийн дэд бакалаврын II дамжааны оюутнууд 6 багт хуваагдан онолын мэдлэгээ бататган, гардан хийх ур чадвар, багаар ажиллах чадвар, сэтгэн бодох шийдвэр гаргах чадвар болон сувилахуйн ур чадвар хичээлээр сурсан, мэдсэн зүйлүүдээ үнэлүүлэн, бусадтайгаа хуваалцан өрсөлдлөө.
Тэмцээний шүүгчээр Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн сувилахуйн албаны дарга С.Мөнхцолмон, сувилахуйн албаны арга зүйч Я.Мөнхсувд, Ц.Учрал нар хамтран ажиллаа.
Тэмцээний тэргүүн байранд сувилахуйн дэд бакалаврын “MONA” баг, дэд байранд сувилахуй бакалаврын “Nurse force” баг, гутгаар байранд эм найруулагчийн “Увидаст гар” баг, тусгай байранд сувилахуй бакалаврын “U-EGO” баг шалгарч өргөмжлөл,мөнгөн шагналаар шагнагдав. Эх барихуйн “Alpha Aid” баг, лабораторийн техникч “Эв эе” багууд амжилттай оролцсонд баяр хүргэж талархал гардуулав.
Тэмцээнийг ивээн тэтгэгчээр хамтран ажилласан “Анхаарал” шүдний эмнэлгийн хамт олондоо талархал илэрхийлье
Зохион байгуулагч: Сувилахуйн тэнхим