Сургууль хоорондын хамтын ажиллагаа 2018 оноос эхэлсэн. Одоо сургууль хооронд оюутан солилцооны хөтөлбөр, хамтарсан эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, оюутнуудын цахим уулзалт, хамтарсан судалгаа шинжилгээний ажил болон соёлын хөтөлбөрт хамтран ажиллаж байна.
АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн захирал Б.Баясгаланмөнх, Эмнэлгийн хөгжлийн албаны дарга Ч.Аззаяа, Сувилахуйн тэнхмийн багш Я.Билэгмаа, О.Хажидмаа, төгсөгчдийн төлөөлөл М.Баяржаргал нар Жичи Анагаах ухааны сургуулийн Сувилахуйн сургуулийн захирал Изуми Кохара болон хамт олны урилгаар 2025 оны 10 сарын 08 өдрөөс тус сургууль болон эмнэлэг дээр хөтөлбөрийн дагуу ажиллалаа.
Айлчлалын хүрээнд Их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга Ооиши Тошио, Их сургуулийн Ректор Нагай Реозо, проректор Мамитаро Оцүки, Их сургуулийн эмнэлгийн захирал Кавай Кэнсүкэ нартай биечлэн уулзалтыг хийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын хөгжил, тогтвортой байдал, Дархан-Уул аймаг дахь шинээр баригдах эмнэлгийн боловсон хүчнийг чадавхжуулах, эмнэлгийн мэргэжилтэн солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцон хамтын ажиллагааг өргөжүүлэхээр боллоо.